1990 оны Цагаачлалын хуулиар Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрийг бий болгосон бөгөөд 1995 оны санхүүгийн жилээс эхлүүлэн жил бүр 55,000 цагаачлалын визийг сугалаагаар олгодог болсон. Энэхүү Сугалаа нь Америкийн Нэгдсэн Улс дахь цагаачлагч хүн амыг төрөлжүүлэх зорилготой бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд Америкийн Нэгдсэн Улсад цагаачилсан иргэдийн тоогоороо бага улс орнуудаас ихэвчлэн өргөдлийн маягтуудыг сонгодог. АНУ-ын Төрийн департамент жил бүр хуулиар тогтоогдсон эрхийн дагуу Олон Үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрийг зохион байгуулдаг. Өмнө жил 55,000 Олон Үндэстний виз олгохоор болсон. Мөн тус хөтөлбөрт сонгогдсоноор АНУ руу шууд нэвтрэх эрх олгогдохгүй бөгөөд Элчин сайдын яаманд ярилцлагад орж визийн шалгуур хангаж байгаа эсэхийг тодорхойлно.
Тус хөтөлбөр нь цахимаар явагдах бөгөөд компьютероор, санамсаргүй сугалах байдлаар сонгогчийг шалгаруулдаг. Виз хуваарилалтыг газар зүйн зургаан бүсэд хуваадаг. Бүс бүрийн доторх аливаа улс тухайн жилийн Олон Үндэстний визийн долоон хувиас илүүг авч болдоггүй байна.
Өмнөх жилийн хувьд дараах улс орнуудаас 2024 оноос өмнөх 5 жилийн хугацаанд АНУ руу 50,000-аас олон иргэд цагаачилсан учир хөтөлбөрт хамрагдах боломжгүйг Төрийн департментаас мэдээлж байжээ. Үүнд:
- • БАНГЛАДЕШ,
- • БРАЗИЛ,
- • КАНАД,
- • БНХАУ ( эх газар болон Хонконгд төрсөн),
- • КОЛУМБИ,
- • КУБА,
- • БҮГД НАЙРАМДАХ ДОМИНИКАН УЛС,
- • ЭЛЬ САЛЬВАДОР,
- • ГАИТИ,
- • ГОНДУРАС,
- • ЭНЭТХЭГ,
- • ЯМАЙКА,
- • МЕКСИК,
- • НИГЕР,
- • ПАКИСТАН,
- • ФИЛИППИН,
- • ӨМНӨД СОЛОНГОС,
- • ВЕНЕСУЭЛ,
- • ВЬЕТНАМ зэрэг улсууд багтаж байна. Харин Макаогийн Тусгай захиргааны бүс болон Тайванд төрсөн иргэд оролцох эрхтэй хэвээр нь үлдээсэн байна.