Тавигдах шалгуур #1: АНУ-д цагаачилсан иргэдийн тоогоороо бага улсын уугуул иргэд хөтөлбөрт оролцох эрхтэй. Учир нь Олон үндэстний виз нь АНУ-д цагаачилсан иргэдийн тоогоороо бага улсын иргэдэд цагаачлах боломж олгох зорилготой. Хуульд зааснаар АНУ–д цагаачилсан иргэдийн тоогоороо их улс гэдэгт өнгөрсөн 5 жилийн хугацаанд Гэр бүлийн болон хөдөлмөр эрхлэлтийн визээр нийт 50,000 иргэн нь АНУ-д цагаачилсан улс орнуудыг хэлдэг. АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Яам (DHS) жил бүрийн Олон Үндэстний визийн хөтөлбөрт оролцох эрхгүй улс орнуудыг тодорхойлохын тулд өнгөрсөн таван жилийн хугацаанд гэр бүлийн болон хөдөлмөр эрхлэлтийн визээр цагаачлагчдын тоог нэмж нийлбэрийг гаргадаг. Жил бүрийн E-DV бүртгэлийн хугацаа эхлэхээс өмнө дээрх нийлбэрийг гаргадаг тул уугуул иргэд нь оролцох эрхгүй улс орнуудын жагсаалт өмнөх жилээсээ өөрчлөгдөх магадлалтай байдаг.
Тавигдах шалгуур #2: Виз мэдүүлэгч бүр Олон Үндэстний визийн хөтөлбөрийн боловсрол эсвэл ажлын туршлагын шалгуурыг хангасан байх ёстой.
Тодруулбал, хамгийн багадаа бүрэн дунд боловсрол буюу түүнтэй адилтгах боловсролтой байх эсвэл өнгөрсөн 5 жилийн хугацаанд туршлага шаардах мэргэжлээр хоёр жил ажилласан туршлагатай байх ёстой. “Бүрэн дунд боловсрол буюу түүнтэй адилтгах боловсрол" гэдэг нь АНУ-ын боловсролын 12 жилийн сургалтыг амжилттай дүүргэсэнтэй дүйцэх эсвэл өөр улс оронд АНУ-ын бүрэн дунд боловсролтой дүйцэхүйц албан ёсны бүрэн дунд боловсролын сургалтыг амжилттай дүүргэсэн байхыг хэлнэ. Энэ шаардлагыг зөвхөн албан ёсны сургалт л хангах бөгөөд дүйцүүлэх буюу шилжүүлэн тооцсон сургалт эсвэл сертификатыг /G.E.D гэх мэт/ хүлээн зөвшөөрөхгүй. Боловсрол, ажлын туршлагыг нотлох баримт бичгийг хөтөлбөрт сонгогдсоны дараа визийн ярилцлагын үеэр Консулын ажилтанд өгөх шаардлагатай болдог.
Харин ажлын туршлага дээр суурилсан болзлыг хангах шалгуурыг тодорхойлоход АНУ-ын Хөдөлмөрийн яамны O*Net Online мэдээллийн санг ашигладаг. O*Net Online мэдээллийн сан ажлын туршлагыг таван "мэргэжлийн бүсэд" ангилсан. Хөдөлмөрийн яамны цахим хуудсанд олон мэргэжлийг жагсаасан байдаг ч Олон үндэстний визийн хөтөлбөрт зөвхөн тодорхой мэргэжлүүд тэнцэнэ. Ажлын туршлагаараа Олон үндэстний визийн шалгуурт тэнцэхийн тулд өнгөрсөн таван жилийн хугацаанд мэргэжлийн тусгай бэлтгэлийн (SVP) 7.0 буюу түүнээс дээш зэрэглэлтэй 4, 5 дугаар мэргэжлийн бүсэд багтсан мэргэжлээр хоёр жил ажилласан туршлагатай байх ёстой.