E-DV бүртгэлд гэр бүлийнхээ ямар гишүүдийг оруулах ёстой вэ?

News cover

Эхнэр/нөхөр: Та өөрийн эхнэр/нөхөртэйгөө хууль ёсны дагуу гэрлэсэн бол одоогоор тантай хамт амьдардаг амьдардаггүй, тантай хамт цагаачлах эсвэл цагаачлахгүй гэдгээс үл хамааран эхнэр/нөхрөө заавал бүртгэлд оруулах ёстой. Та эхнэр/нөхрөөсөө албан ёсны бичгэн шүүхийн шийдвэрийн дагуу тусдаа амьдардаг тохиолдлоос бусад үед эхнэр/нөхрөө заавал оруулна. Хуулийн дагуу тусдаа амьдардаг тохиолдол нь гэрлэсэн хэвээрээ хэдий ч шүүхийн шийдвэрийн дагуу тусдаа амьдрахыг хэлнэ. Хэрэв та эхнэр/нөхрөөсөө хуулийн дагуу тусдаа амьдардаг бол таны эхнэр/нөхөр таныг дагаж Олон Үндэстний Визийн хөтөлбөрт хамрагдан цагаачлах боломжгүй. Та хуулийн дагуу тусдаа амьдардаг эхнэр/нөхрийнхөө нэрийг бүртгэлийн хуудсан дээрээ оруулсан тохиолдолд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Мөн та Олон Үндэстний виз мэдүүлэхээс өмнө гэрлэлтээ цуцлахаар төлөвлөсөн хэдий ч шүүхийн шийдвэрийн дагуу тусдаа амьдардаггүй бол эхнэр/нөхрөө заавал оруулах ёстой. Хууль ёсны эхнэр/нөхрөө бүртгэлийн хуудсан дээрээ оруулаагүй эсвэл эсвэл хуулийн дагуу эхнэр/нөхөр болоогүй хүнийг бүртгэлдээ оруулсан тохиолдолд хөтөлбөрийн үндсэн оролцогчийн хувьд та Олон Үндэстний визийн хөтөлбөрт оролцох боломжгүй болж улмаар таны эхнэр/нөхөр болон хүүхдүүд тус хөтөлбөрт гэр бүлийн гишүүнээр оролцох эрхгүй болохыг анхаарах хэрэгтэй. Хөтөлбөрт бүртгүүлж байгаа хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй байгаа хэр нь ирээдүйд батлуулах төлөвлөгөөтэй байгаа тохиолдолд сүйт бүсгүй/сүйт залуугаа бүртгэлийн хуудсан дээр оруулбал мөн адил Олон Үндэстний визийн хөтөлбөрт оролцох боломжгүй болно. Та гэр бүлээ цуцлуулсан эсвэл таны эхнэр/нөхөр нас барсан бол хуучин эхнэр/нөхрөө бичих шаардлагагүй. Хэрэв таны эхнэр/нөхөр АНУ-ын иргэн эсвэл хууль ёсны байнгын оршин суугч (LPR) бол бүртгэлийн хуудсан дээр оруулж болохгүй. Учир нь АНУ-ын иргэн эсвэл хууль ёсны байнгын оршин суугч бол виз авах шаардлагагүй юм. Энэ тохиолдолд та бүртгэлийн хуудсан дээрээ “гэрлэсэн бөгөөд миний эхнэр/нөхөр АНУ-ын иргэн эсвэл хууль ёсны байнгын оршин суугч” гэсэн сонголтыг сонгоход систем танаас таны эхнэр/нөхрийн талаар нэмэлт мэдээлэл шаардахгүй болно. Хүүхэд: Таны гэрлээгүй бөгөөд хөтөлбөрт бүртгүүлэх үед 21 нас хүрээгүй бүх төрсөн хүүхдүүд, эхнэр/нөхрийнхөө хүүхдүүд (тухайн хүүхдийн эцэг/эхээс салсан байсан ч), мөн зохих хуулийн дагуу албан ёсоор үрчилж авсан хүүхдүүдээ АНУ-ын иргэн болон хууль ёсны байнгын оршин суугч биш л бол Олон Үндэстний визийн хөтөлбөрт анх оролцох үедээ бүртгэлдээ оруулах ёстой. Таны хүүхдүүд тантай хамт амьдрахаа больсон, таныг дагаж цагаачлахгүй байсан ч бүртгэлд хамт оруулах шаардлагатай. Хэрэв таны хүүхэд АНУ-ын иргэн эсвэл Хууль ёсны байнгын оршин суугч бол бүртгэлд оруулах шаардлагагүй бөгөөд оруулсан тохиолдолд асуудал үүсэхгүй. Хөтөлбөрт бүртгүүлж байгаа хүний эцэг эх болон төрсөн ах эгч дүү нар бүртгүүлж байгаа хүнийг дагалдан Олон Үндэстний виз авах боломжгүй бөгөөд тэднийг бүртгэлд оруулах шаардлагагүй. Та гэр бүлийнхээ гишүүдийг бүртгэлд оруулсан нь тэд тантай заавал хамт виз мэдүүлж эсвэл цагаачилж, хамт явах ёстой гэсэн үг биш. Харин та анх хөтөлбөрт бүртгүүлэхдээ бүртгүүлэх ёстой байсан гэр бүлийн гишүүнээ оруулаагүй эсвэл гэр бүлийн гишүүн бус хүнийг оруулсан тохиолдолд та Олон Үндэстний визийн хөтөлбөрт оролцох боломжгүй болж таны эхнэр/нөхөр болон хүүхдүүд тус хөтөлбөрт гэр бүлийн гишүүнээр оролцох эрхгүй болно. Энэ нь анх бүртгүүлэх үед гэр бүлийн гишүүн байсан хүмүүст л хамаатай бөгөөд сүүлд шинээр нэмэгдсэн гэр бүлийн гишүүдэд хамаагүй. Таны эхнэр/нөхөр таны бүртгэлд орсон ч гэсэн тусдаа бүртгүүлж болно. Гол нь хоёр бүртгэлдээ хоёуланд нь бүртгүүлэх ёстой гэр бүлийнхээ бүх гишүүдийн тухай мэдээллийг оруулах шаардлагатай.